ӨМНӨГОВЬ АЙМАГТ 12 ҮЙЛДВЭР ШИНЭЭР БАРИГДАЖ, 176 ШИНЭ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО
Өмнөговь аймагт өнөөдөр /2022.09.21/Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа боллоо.


Уг арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хууль, тусгай активын хэлтсийн дарга Р.Надмидцэдэн, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ, мэргэжилтэн Ж.Оюунчимэг болон зээл авч буй аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцов.


Тус аймаг “Нутгийн хишиг” хөтөлбөртөө орон нутгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг өргөтгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уул уурхайн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох, боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлд хамруулахаар тусгасан байдаг.
Уг ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн Сайд, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга, аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах гурван талт гэрээг байгуулж 2022 онд орон нутгийн төсвөөс 5 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлсэн юм.


Монгол Улсын Засгийн газрын 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу 82 аж ахуй нэгжийн төслийг хүлээн авч ажиллав.

Төсөл сонгон шалгаруулах үе шатанд тэнцсэн 10 салбарын 32 аж ахуй нэгжид 3.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор 12 үйлдвэр шинээр бий болж, 20 үйлдвэр өргөтгөл хийн 68 ажлын байр хадгалагдаж, 176 ажлын байр шинээр бий болно.
