"Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх" тухай хуулийн төслийг бусад хуультай уялдуулан өөрчлөлт оруулах боломжийн талаар санал солилцов

 
 
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарын эмэгтэй гишүүд “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ.
Энэхүү хуулийн төслийг бусад хуультай уялдуулан өөрчлөлт оруулах боломж байгаа эсэхийг хэлэлцэж, санал солилцох уулзалт өнөөдөр /2022.12.20/ боллоо.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Төрийн банк, ЕСБХБ, Азийн сангийн төлөөлөл оролцсон юм.
Уулзалтаар эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах, бизнес эрхлэгч эмэгтэйтэй холбоотой ангилал, тодорхойлолт болон тэднийг төр, хувийн хэвшлийн зүгээс санхүү болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, бодлогын түвшинд шийдвэр гаргахад оролцоог хангах эрх зүйн зохицуулалт бий болгох талаар харилцан санал солилцлоо.
Азийн сангийн гаргасан судалгаагаар эмэгтэй бизнес эрхлэгчид бизнесээ тэлэх, өргөжүүлэх зорилготой зээлд хамрагдахад босго өндөр, барьцаа хөрөнгө хүндрэлтэй байдаг талаар дурдсан байдаг.
Иймд, эмэгтэй өмчлөгчтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг тодорхойлсон хуулийн албан ёсны тодорхойлолт байдаггүйтэй нэг талаар холбоотой гэж бизнесийн төлөөлөл үзэж байна. Хуулиар энэхүү тодорхойлолтыг баталгаажуулснаар хүйсээр ангилсан тоон мэдээллийн санг бий болгож улмаар энэхүү тоон мэдээлэлд үндэслэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бодитоор дэмжих тухайлбал, төрийн болон олон улсаас хэрэгжүүлж буй зорилтот бүлэгт чиглэсэн хөнгөлөлттэй зээл санхүүжилт, худалдан авалтад оролцох шалгуур босгыг хөнгөвчлөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болох юм.
Мөн эмэгтэй өмчлөгчтэй бичил, жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан техникийн туслалцаа, бизнесийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх төлөвлөгөө боловсруулах болон бизнесийн тохирсон загвар гаргах талаар дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа.
 
Олон улсын туршлага, зөвлөмжөөс үзэхэд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн эхний алхам нь хүйсээр ангилсан бизнес эрхлэгчдийн бүртгэл хөтлөх, холбогдох статистик мэдээлэлд тулгуурлан бодлого, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх замаар бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлдэг байна.
Уулзалтын төгсгөлд энэ асуудлын хүрээнд цаашид ажлын хэсэг байгуулж, нарийвчлан төлөвлөж ажиллахаар болов.
Хуваалцах