Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл: ДҮРЭМТ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АЖЛЫН ХУВЦСЫГ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ХАНГАНА

2019 онд "Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор "батлагдсан нэр, төрлийн бараа бүтээгдэхүүнийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгож" Засгийн газар худалдан авах бодлого баримтлахаар тогтсон билээ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд "Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран 2019, 2021, 2023, 2026 онуудад зохион байгуулсан юм.Жижиг, дунд үйлдвэрийн газрын үндсэн чиг үүрэг нь жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт хөнгөлөлттэй зээлээр санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, боловсон хүчин, технологи, засаглалын хөгжилд нь чиглэж сургалт, семинар зохион байгуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, зах зээлтэй холбох, гадаад зах зээлд гарахад туслах олон арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж,төрийн бодлого, дэмжлэгийг шууд,бодитой хүргэн ажилладаг.  "Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026" үзэсгэлэн 1 дүгээр сарын 26-нд зохион байгуулагдаж 40 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулахын зэрэгцээ, төрийн болон төрийн өмчит байгууллагууд, уул уурхайн томоохон компаниуд оролцсон юм. Үзэсгэлэнгийн үеэр 2025 онд үндэсний үйлдвэрийг дэмжихэд манлайлсан байгууллагыг цохон тэмдэглэв. 2025 онд Зам, тээврийн яамны харьяа байгууллагууд 38 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс худалдан авчээ.  Үүнд  "УБТЗ" ХНН  дотоодын 25 аж ахуйн нэгжээс 15.3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. 

Жил бүр улсын төсвийн хөрөнгөөр их хэмжээний дүрэмт болон ажлын хувцас, гутал худалдан авч байгаа хэдий ч уг эрэлт хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжийг тогтолцооны хэмжээнд ашиглаж чадахгүй байна. Манай улсын гутал үйлдвэрлэлийн салбарт 1400 орчим ажилтан ажиллаж, жилд дунджаар 899.9 мянган хос гутал үйлдвэрлэж байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл давамгайлсан бүтэцтэй хэдий ч зах зээлийн тодорхой хэсгийг хангах чадавх бүрдсэнийг харуулж байна. Гутал үйлдвэрлэгчид голчлон тусгай зориулалтын буюу хөдөлмөр хамгааллын гутал үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нь нийт үйлдвэрлэлийн 90 орчим хувийг эзэлж байна. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай" Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолоор баталсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд нийт 508.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Ингэснээр ноосны үйлдвэрлэлийн салбарт ээрэхийн хүчин чадлыг 300 тонноор, сүлжихийн хүчин чадлыг 50 мянган ширхэгээр, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадлыг 200 мянган м.кв-аар, арьс ширний гүн боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 300.0 мян.ш, гутал үйлдвэрлэлийн хүчин чадлыг 500.0 мян.хосоор тус тус нэмэгдүүлэх боломж бүрдээд байгаа юм.


2026.04.15-нд "Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл батлагдаж, жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор "Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах дотоодын үйлдвэрийн чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт"-ыг шинээр баталлаа. (Жагсаалт үзэх) Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид дэмжиж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулахаар боллоо. 
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат төрийн худалдан авалтын шалгуур, зохицуулалтаар дамжуулан батлан хамгаалах, цагдаа, онцгой байдал болон бусад төрийн байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцас, тусгай зориулалтын ажлын гутал, хувцсыг дотоодын үйлдвэрлэгчдээс тогтвортой, урт хугацаанд худалдан авч, эх оронч худалдан авалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих нь нэг талаас эдийн засгийн бодит өгөөжтэй, нөгөө талаас ажлын байрыг хадгалж, татварын суурийг тэлэх ач холбогдолтойг Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

Хуваалцах