ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨРТ "АЙРАГ" ФЕСТИВАЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолыг албан ёсоор баталсан түүхэн үйл явдал болсон.
Уг тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Дэлхийн адууны өдрийг тохиолдуулан зохион байгуулах анхны олон улсын арга хэмжээг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Хүй долоон худагт зохион байгуулав. Энэхүү наадам нь Монголын адууны өв соёл, нүүдэлчин ахуй, ёс заншил, уламжлалт мэдлэг, адуутай холбоотой биет болон биет бус соёлын өвийг дэлхий дахинд сурталчлан таниулах, олон улсын соёлын солилцоог өргөжүүлэх, соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зорилготой.

Айраг фестиваль, үндэсний соёл
Тулгар төрийн 2235, Их Монгол улсын 820, Ардын хувьсгалын 105 жилийн ойн үндэсний их баяр наадамтай хамт Дэлхийн адууны өдрийг 2026 оны 7 дугаар сарын 11-13 ны өдрүүдэд  анх удаа тэмдэглэсэн энэхүү түүхэн арга хэмжээний хүрээнд "Айраг" фестивалийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Соёл урлагийн газар хамтран зохион байгуулав.

Монголчуудын уламжлалт идээ ундааны нэг гүүний сүүгээр исгэж хийдэг айраг нь нүүдэлчдийн ахуй соёл, малчин түмний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой үнэт өв юм. 

Айраг фестивальд ЖДҮГ-ын урилгаар Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн малчид хүрэлцэн ирж айраг эсгэх уламжлалт арга ухаан, айрагны хэрэглээ, соёлыг олон нийтэд таниулан, нутаг нутгийнхаа айрагны онцлог, уламжлалыг сурталчлан оролцлоо. 

Адууны соёл, тэр дундаа айрагтай холбоотой содон нэгэн өв бол дэмбээдэх наадам. Оюун ухааныг сорих тоглоомыг аялгуулан дуулж хэлэлцдэг дэмбээ нь урлагийн,  оюуны соёлын үнэт зүйл, монголчууд бидний давтагдашгүй нэгэн өв уламжлал юм. Айраг фестивалийн үеэр зассан бага тайзан дээр наадамчид дэмбээдэж наадсан нь адууны өдрийг улам баялаг, тансаг болгож байв.Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн малчин И.Бямба-Од, Булган аймгийн Сайхан сумын айраг исгэгч, соёлын өв тээгч Жанцангийн Сүржавхлан,  Архангай аймгийн Хотонт сумын малчин П.Отгонбат нар дэмбээг байлж, айргаар мялаасан юм. 

Үндэсний үйлдвэрлэл🇲🇳Үндэсний үйлдвэрлэл
Монголын үндэсний их баяр наадам, хүлэг морины соёлын нэг хэсэг болох хувцас, гоёл, өмсгөл зүүлт, морины хэрэгсэл, эмээл хазаар ногтноос эхлээд бүхий зүйлс нь монгол гар урчууд, үйлчдийн бүтээл байдгаараа онцлог бөгөөд ач холбогдолтой.
Адууны соёл, түүнийг тойрсон арга хэмжээнүүд, үндэсний аливаа наадмууд нь дотоодынхоо жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд улам ихийг бүтээх, хөгжих нэг чухал хөшүүрэг болдог.
Хүй 7 худаг дахь асруудад монголын өнө эртнээс өнөөг хүртэл хэрэглэгдэж ирсэн өв соёлын бүтээгдэхүүнүүд, шинэ инновацийн бүтээгдэхүүнүүд дэлгэн тавьсан нь наадамчин, зочдын хэрэгцээ, сонирхлыг ихэд татаж байлаа.

Дэлхийн адууны өдрийг анх удаа Монгол улс тэмдэглэхэд хамгийн анхаарал татсан үйл явдал Түмэн адууны жагсаалд Монгол улсын 21 аймаг 330 сумдаас нийт 14 000 орчим залуус хүлгээ эмээллэн ирж оролцсон юм. Монгол морь, морьтон чуулж наадсан Дэлхийн адууны өдөр-2026 амжилттай болж өндөрлөлөө. 

Хуваалцах