ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 12 ТӨСӨЛД ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн аваад байгаа билээ.


Уг ажлын хүрээнд Төсөл хүлээн авах цахим системд нийт 655 аж ахуйн нэгжийн 96,694,187,219.00 төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна.


ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу 4 үе шаттайгаар үнэлгээ хийх бөгөөд 2 дугаар шатанд 43,1 тэрбум төгрөгийн нийт 306 төсөл тэнцсэн. Үүнд: Улаанбаатар хот, 20 аймгийн 36,1 тэрбум төгрөгийн 264 төсөл нарийвчилсан судалгаанд тэнцсэн байна. Харин Өмнөговь аймгийн хувьд орон нутгийн санхүүжилтээр дэмжихтэй холбоотой олон төсөл ирсэн тул урьдчилсан судалгааны үнэлгээ одоогоор хийгдэж байна.


Журмын дагуу 3 дахь шатны үнэлгээ буюу тухайн төсөл хэрэгжих байршилд очиж үнэлгээ хийх ажил 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэллээ.


ЖДҮГ-ын ажлын хэсэг энэ өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, ЖДҮХС-аас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулалтын нарийвчилсан үнэлгээний шатанд тэнцсэн төслийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ хийв.


Тус ажлын хүрээнд Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин сумдад нийт 12 төсөлтэй танилцав. Тодруулбал, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 2 төсөл, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх 4 төсөл, хүлэмжийн аж ахуйн 1, мод үрсэлгээний 2 төсөл, хүнсний ногоо боловсруулах чиглэлийн 2 төсөл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 1 төсөл хамрагдлаа.

